ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2023.09.07 20:52 Үйл явдал

ЭМГЭНЭЛ

Монгол улсын гавьяат багш, Сурган хүмүүжүүлэх Шинжлэх ухааны доктор, Монгол улсын профессор Луухүүгийн Жамц хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монгол улсын боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.

Л.Жамц нь 1940 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. 1964 онд УБИС-ийг Математик-Физикийн багш мэргэжлээр суралцан төгсөж, ажлын гараагаа Архангай аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуульд тоо-физикийн багш мэргэжлээр ажиллаж эхэлсэн. 1970-1977 онд Улаанбаатар хотын сургалт-заах аргын кабинетад тоо физикийн мэргэжилтэн, 1973-1975 онд 6-р сургуулийн захирал, 1977-1984 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1984-1989 онд МУИС-ийн Онолын физикийн тэнхимд багш, 1991 оноос УБДС-ийн Сурган хүмүүжүүлэх ухааны факультетийн деканаар, 1995 онд УБИС-ийн байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори дунд сургууль байгуулагдахад захирлаар, 1998-2003 онд УБИС-ийн Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн профессор багшаар ажилласан. 2003-2007 онд Орхон их сургуулийн Боловсролын магистр, докторын сургалтын албаны дарга, 2005-2006 онд Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн боловсрол судлалын профессорын багийн гишүүн, тэргүүлэх профессор багш, 2005-2007 онд МУБИС-ийн Боловсролын удирдахуйн тэнхимийн профессор багш, 2007-2015 онд Отгонтэнгэр их сургуулийн тэргүүлэх профессор багшаар тус тус ажиллаж байсан.

1993 оноос “Боловсрол судлал” хичээлийг УБИС-д анх туршин зааж, хөтөлбөр боловсруулан, Монгол Дани улсын хамтарсан “Боловсрол судлал” дэд төсөлд ажиллан “Боловсрол судлалын үндэс” сурах бичгийг боловсруулж, оюуны өмчөөр баталгаажуулсан байна.

Боловсролын хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, “То ван судлал” нийгэмлэгийн зөвлөл, Орхон их сургууль болон Отгон тэнгэр их сургуулийн эрдмийн зөвлөл, Боловсрол судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

1978 онд Сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, 1993 онд ОХУ-ын Сурган хүмүүжүүлэх ухааны академид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1992 онд дэд профессор, 1998 онд профессор цол тус тус хүртсэн.

Тэрээр нэг сэдэвт бүтээл 10, хамтын бүтээл, ном, сурах бичиг, гарын авлага 30 гаруй, орчуулгын бүтээл 8, сургалтын аргазүйн зөвлөмж 8, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруй, хэлэлцүүлсэн илтгэл 50 орчмыг бүтээн туурвиж, шинжлэх ухааны докторын 4, дэд докторын 22, магистрын 122 судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан байна.

Ерөнхий боловсролын тогтолцоонд физик, математикийн олимпиад, сонгон суралцах сургалтыг санаачлан явуулж, физикийн сонгон суралцах сургалтын агуулгыг боловсронгуй болгох ажлыг хийж, хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагыг боловсруулсан бөгөөд Дээд боловсролын тогтолцоонд физикийн багш бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Л.Жамц нь “Боловсрол судлал”-ын сурах бичиг, гарын авлагыг бакалавр, магистр, докторын сургалтад зориулан боловсруулж, хэвлэн нийтлүүлсэн анхдагчдын нэг юм.

Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж, боловсролын болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн хүндэт медалиуд, Алтангадас одонгоор тус тус шагнаж Монгол улсын гавъяат багш цол хүртээжээ.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нийтэч, шударга, хүнлэг сайхан зан чанар, Монголын боловсролын төлөө гэсэн чинхүү сэтгэлийг сургуулийн удирдлага, хамт олон, шавь нар нь үүрд дурсан санаж, хүндэтгэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлъе.

МУБИС-ийн захиргаа, Боловсрол судлалын сургуулийн хамт олон